Орон нутгийг удирдах тогтолцоо Засгийн газраас шууд хамаардаг. Сүүлийн жилүүдэд төвлөрлийг сааруулах бодлого Төсвийн тухай шинэ хуулиаар нэмэгдэж байгаа ч удирдлага улам төвлөрөх хандлагатай болж байна.
Одоо сумын ЗДТГ- т ажиллаж байгаа албан хаагчдын тал хувь нь босоо удирдлагатай ба Боловролын хуулиар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг аймгийн Засаг дарга томилохоор болсон нь төвлөрлийг улам нэмэгдүүлж байна.
Сүүлийн жилүүдэд төвлөрөл улам нэмэгдэж байгаатай холбогдуулан сумын удирдлагаас боловсролын байгууллагуудын удирдлагад хариуцлага тооцох боломжгүй болж байна.
Орон нутагт Засаг даргын эрх хэмжээ ИТХ-ыг бодвол илүү байна. Засаг даргын эрх хэмжээ илүү байгаа нь нутгийн өөрөө удирдах байгууллагын ач холбогдлыг бууруулж, Засаг дарга нь орон нутгийн гүйцэтгэн захирамжлагч гэхээс илүү төрөөс томилогдсон улс төрийн албан тушаал болжээ.
Сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагад оролцох оролцоог ёс төдий хэлбэрт ойлгож энэ байгууллагын санхүү, боловсон хүчин, шийдвэр гаргах эрх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр зарчмын өөрчлөлт хийгдээгүй байна. Цаашид энэ байдлаараа үргэлжлүүлэн ажиллавал хурлын байгууллага өөрөө удирдах ёсны байгууллага бус цэвэр улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллга болж хувирч болзошгүй.